Монгол орны өнцөг булан бүрт байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчид болон байгаль хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхэнд байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Дундговь аймгийн хувьд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийт 11 байгаль хамгаалагч, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.
Жил бүрийн 07 дугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ. Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 294,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална. Дундговь аймгийн хувьд нийт газар нутгийн 28,7%-ийг тусгай хамгаалалтад аваад байна.