БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Санал асуулга, хэлэлцүүлэг

ЦАГААН СУВАРГЫН ТАНИЛЦУУЛГА

        Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газар нь Дэлхийн хамгийн алдартай хавцал буюу АНУ-ын “Гранд канёон”-той төстэй.  Эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи, усны нөлөөгөөр эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг. адал явдал, мартагдашгүй дурсамжаар хөглөж үзэсгэлэнт байгальд од эрхсийн доор, нар шингэх, жаргахтай хамт фото аялал хийхэд тохиромжтой. Тус газар нь аймгийн тусгай хамгаалалтад байдаг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 171 дүгээр тогтоолоор “Аялал жуулчлалын гол чиглэл”-ээр батлагдсан бөгөөд жуулчдын урсгал жил бүр ихсэж, 2020 онд дотоодын 50000 гаруй аялагч аялсан албан бус тоо мэдээ бий. Монголд зочлох жил сурталчилгааны хүрээнд 2023 оны 09 сарын 01-ны байдлаар Цагаан суваргат 12000 гадаад, дотоодын жуулчид зочилсон байна. Цагаан суваргын байгалийн үзэсгэлэнт газарт нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны А/71 тоот тушаалыг үндэслэн улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц газрын ангилалтай уялдуулан 2023 оны 07 сарын 01-ээс эхлэн 1 иргэний 2000 төгрөгийн нэвтрэх тасалбараар үйлчлэн 09 сарын 01-ны байдлаар “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газрын нэвтрэх цэгээр 7000 гадаад, дотоодын жуулчинд тасалбар борлуулж 14 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү тасалбарын орлого нь байгалийн үзэсгэлэнт газрын хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай орлогыг бүрдүүлж чадахгүй байна. Иймд гадаад, дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж, хог хаягдал ихсэж, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал үүсэх, олон салаа зам нэмэгдэх, тоосжилт, хөрсний бохирдол ихсэж, байгалийн унаган төрх алдагдаж буй тул энэхүү олон зуун жилийн турш үнэлэгдэх аялал жуулчлалын нөөц бүхий тус газрыг хамгаалах, менежментийг сайжруулах үүднээс төлбөр хураамжийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл шалтгаан үүсээд байгаа билээ. Мөн улсын тусгай хамгаалалттай байгалийн дурсгалт, байгалийн нөөц болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1.10-д зааснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох боломжтой билээ. Тус газраас орсон төлбөр хураамжийн орлогыг хэдэн зуун жилээр ашиглах байгалийн үзэсгэлэнт газрын хамгаалалтын менежментийг сайжруулах, нөхөн сэргээх, хог хаягдлыг бууруулахаас гадна 2019 оноос хийгдсэн улс, орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн ажлуудыг хариуцах эзэнтэй болгох зэргээр олон давуу талууд үүсэх билээ. Энэхүү үзэсгэлэнт газрын нэвтрэх цэгийн орлогыг сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлж, жил бүр төлөвлөгөө батлуулан зарцуулах юм. Цаашид хамгаалалтын менежментийн асуудлыг орон нутгийн иргэдийн  нөхөрлөлд шилжүүлэх боломжтой юм.

Сүүлд нэмэгдсэн