БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

НОГООН БАЙГУУЛАМЖ РУУ МАЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2024-08-01

     Аймгийн төвийн мал бүхий иргэдэд аймгийн төвийн ногоон байгууламж руу малаа оруулахгүй байх, малаа хариулга эзэнтэй байлгах шаардлагатай. Аймгийн төвийн зам дагуу ногоон байгууламж руу эзэн хариулгаггүй орж мод бут идэх тохиолдол маш их гарч байна. 2021 оноос эхлэн зам дагуу мод бут тарьж ногоон байгууламж бий болгох үүднээс ихээхэн хэмжээний зардал гаргаж, хот тохижуулахын ажилчид цаг, хөдөлмөрөө зарцуулж байгаа юм. Хаваржин, зунжин маш олон хүний хүч хөдөлмөрөөр ургуулсан ногоон байгууламжийг хариулгаггүй мал сүйтгэж байгаа нь маш их хохирол дагуулж байгаа тул цаашид аймгийн төв дээрх мал бүхий иргэд малаа хараа хяналттай байлгахыг АНХААРУУЛЖ байна.

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

2024-07-31

    Монгол орны өнцөг булан бүрт байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчид болон байгаль хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхэнд байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Дундговь аймгийн хувьд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийт 11 байгаль хамгаалагч, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.

    Жил бүрийн 07 дугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ. Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 294,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална. Дундговь аймгийн хувьд нийт газар нутгийн 28,7%-ийг тусгай хамгаалалтад аваад байна.

ЗЭРЛЭГ АМЬТАН АЖИГЛАХ КАМЕР БАЙРШУУЛЛАА

2024-07-29

      Дундговь аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай "Тогоогийн рашаан, Хаалган хад" орчимд байх зэрлэг амьтны тоо толгойг тандах, хууль бус ангаас сэргийлэх зорилгоор 3 байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч, тус бүс нутгийн идэвхтэн байгаль хамгаалагчдын хамт байршууллаа. 

СУРГУУЛИЙН СУРАГЧИД НИЙТ 11 ТОНН 120 КГ ДАХИВАР ЦУГЛУУЛЛАА

2024-05-29

         “ОРОН НУТАГТАА ОРУУЛАХ БИДНИЙ ХУВЬ НЭМЭР” уралдааны дүн гарлаа. Хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлын хэмжээг бууруулах, сурагчдад хог хаягдлаа ангилан ялгах дадал хэвшил суулгах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Баялаг төвийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих зорилгоор зохион байгуулсан “Орон нутагтаа оруулах бидний хувь нэмэр” уралдааныг 2024 оны 03 сарын 18-ны өдрөөс 05 сарын 18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд зохион байгууллаа. 

          Уралдаанд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, Политехник коллеж, Гурвансайхан сумын сургууль оролцсон ба нийт 31 ангийн 1000 орчим хүүхэд, ангийн багш, эцэг эхийн хамт оролцлоо. Уралдааны явцад уралдаанд оролцогч ангиудын цуглуулсан дахивар нөөцийг Баялаг төв 6 удаа хүлээн авч нийт 11тн 120кг дахивар цуглуулж тэр хэмжээний хогийг хогийн цэгт булагдахаас, ил задгай хаягдахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн уралдаанд оролцогч ахлах ангийн сурагчид уралдааны шаардлагын дагуу нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, иргэдийг хог хаягдлаа ангилан ялгах, ил задгай хог хаяхгүй байхад уриалсан бичлэгийг Баялаг төвийн цахим хаягаар түгээсэн. Уралдааны хүрээнд 6 сургуулийн 15 ангийн оюутан, сурагчид нийтийн эзэмшлийн талбай болон гэр хорооллын 15 газрыг цэвэрлэж өмнө ба дараа зургаа илгээсэн. Уралдааны хүрээнд ирүүлсэн бичлэг 253700 хүнд цахимаар хүрсэн байна. Уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг 2024 оны 05 сарын 21-ны өдөр Чагдаржавын талбайд зохион байгуулж Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас уралдааны мөнгөн шагнал, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас оролцсон анги бүрд хог хаягдлаа ангилан ялгах мэдээлэл бүхий хөөсөн самбар, Баялаг төвөөс уралдаанд оролцсон нийт ангиудад цаг, хүүхдүүдэд зайрмаг тарааж хүүхдүүдийг урамшууллаа.

ШАЛГАРУУЛАЛТ: Уралдааны 1-7 дугаар ангийн ангилалд Эрдмийн далай сургуулийн н.Наранбат багштай 5б анги 1-р байр, Эрдмийн далай сургуулийн Б.Сүрэндарь багштай 7a анги 2-р байр, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн н.Уранцэцэг багштай 6б анги 3-р байранд шалгарсан. 8-12 дугаар ангийн ангилалд Мандал сургуулийн Л.Мөнхсүрэн багштай 11А анги 1-р байр, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн У.Рагчаа багштай 10В анги 2-р байранд,Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Б.Цээдорж багштай 11Б анги 3-р байранд, Шилдэг сургуулиар Говийн ирээдүй цогцолбор сургууль шалгарлаа.

ЗАГ МОДЫГ ТОГООЛЖ, УСАЛГАА АРЧИЛГААГ ХИЙЛЭЭ

2024-05-17

     ӨНГӨРСӨН НАМАР ТАРЬСАН ЗАГ МОДНЫ УРГАЛТ 93,5%-ТАЙ БАЙНАДундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,500,000 төгрөгийн хөрөнгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид өнгөрсөн жил тарьсан.

ТАЛБАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-15

   "Цэгц билиг" сургуулийн сурагчид болон "Политехникийн коллеж"-ийн оюутнуудад Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн талбайд улиас модыг мөчрөөр гадна талбайд тарих сургалт дадлага ажлыг хийлээ. Мөн тарьц суулгацыг хэрхэн бэлтгэдэг, талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр суулгасан мөчир 1-3 жилийн дараа тарьц, суулгац болон таны гарт очих болно. Дадлага ажил хийсэн сурагчиддаа баярлалаа.

АНХААРААРАЙ АНХААРААРАЙ ❗️❗️❗️

2024-05-14

     Эко сум ТББ нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Эко сум төсөл болон бусад олон төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага бөгөөд манай аймгийн удирдлагууд, БОАЖГ, Баялаг төвийн хүсэлтийн дагуу урилгаар 2024 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 09-18 цагт 2 өдрийн “Монгол Улсаа хоггүй орон болгоё” сэдэвт хог хаягдлын сургалтыг зохион байгуулахаар болсон юм. Энэхүү сургалтад өөрийн хүсэлтээр сургалтад сууж цаашид орон нутгийнхаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд оролцох, цаашид сумын иргэдэд хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах талаар мэдээлэл сургалт өгөх, “Эко сум” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах боломжтой хэн ч бүртгүүлж хүсэлтээ ирүүлэх боломжтой юм. Оролцогчийн тоо хязгаартай тул бүртгүүлсэн иргэдээс оролцуулах боломжтой иргэд рүү эргэн холбогдож мэдээлэх өгөх болно.Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 86911900, 88018075

https://docs.google.com/.https://baigali.du.gov.mn/1FAIpQLSdeKZhbCan77X.https://baigali.du.gov.mn/viewform

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА (ДАХИН ЗАРЛАВ)

2024-05-13

БАЙГАЛЬ ХАМГААЛАХАД ӨӨРСДИЙН ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭСЭН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2024-05-13

   "Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын жил", "Дэлхийн усны өдөр", "Цэнхэр тууз аян"-ын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөл"-өөс зохион байгуулсан "Үнэт баялаг-Ус" рийлс бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

1-р байранд Эрүүл мэндийн газар

2-р байранд Ус, цаг уур, орчны шинжилгээний төв

3-р байранд Улсын бүртгэлийн хэлтэс тус тус орлоо. 

Байгалиа хамгаалахад өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэсэн байгууллагууддаа баярлалаа.

ЗАМ ДАГУУ МОД ТАРИЛАА

2024-05-11

       Бүх нийтээр мод тарих өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 11-ний өдөр "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" тохиож байна. Энэ өдөр Мандалговь хотын улс, орон нутгийн чанартай авто зам дагуух нийт 6 байршилд 1644 мод тарилаа. Аймгийнхаа төвийн ногоон байгууламж, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажилд мод тарьж оролцсон байгууллагын албан хаагчиддаа баярлалаа.

Тэрбум мод-Таны тарих нэг модноос эхэлнэ.

"ЭКО ЖОРЛОН" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-10

    Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Монголын жорлонгийн ууган холбоо ГҮТББ хамтран нүхэн жорлонгийн өнөөгийн нөхцөл байдал, сөрөг үр дагавар, байгальд ээлтэй эко жорлон, ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээлэл, иргэдийн эрүүл мэндийн болон эрүүл аюулгүй орчны мэдлэгийг дээшлүүлэх, айл өрх, албан байгууллагын байгальд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “ЭКО ЖОРЛОН" сургалт, үзэсгэлэн нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Сургалтад 120 хүн оролцож, үзэсгэлэнг 150 гаруй хүн үзэж сонирхлоо.

АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2024-05-10

Маргааш буюу 05 дугаар сарын 11-ний өдөр "Бүх нийтээр мод тарих өдөр"тохиож байгаатай холбогдуулан зам дагуу мод тарих албан байгууллагууд хүрз, лоом, бээлий, хөрс зөөх шуудай, ус зөөх хувин болон бусад хувийн БЭЛТГЭЛ хангаж ирнэ үү

Сүүлд нэмэгдсэн