Дундговь аймагт
тавтай морил

"Онгийн хийдийн туурь" Сайхан-Овоо сум

  • 2
  • 0
  • 2018-01-16
  • Хэвлэх
  • Жиргэх
  • Хуваалцах

Онгийн хийд: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг төвдөөр Гүнджамбаалин хийд гэдэг бөгөөд “хотол өглөгч” гэсэн утгатай ажээ. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Сайхан-Овоо уулын энгэрийн хад чулууг нямбайлан ухаж тэгшлээд, үелсэн өндөр довжоонууд байгуулан дээр нь өөр хоорондоо ижилгүй уран барилгуудыг цогцлуулж бүхэл бүтэн хот маягтай бүтээсэн боловч эдүгээ тэр бүхэн туурь болон үлджээ. 
Эл хийдээс 15 км зайд, Онгийн голын эрэг дагуу Хошуу хурлын хийд хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. 
Онгийн хийдийн гол цогчин дуганы баруун талд том хөх тоосгон хашаатай Хутагт ламын хийд оршдог байсан бол зүүн талд нь 220 жилийн түүхтэй Хамба Данцагдоржийн хийд байжээ. Хутагт ламын хийдэд паалантай тоосго бүхий дээвэртэй есөн сүм, хүрд бүхий баруун ба зүүн суварга байжээ. Хамба Данцагдоржийн хийдэд уул өгсөөн барьсан 13 гоёмсог сүм байсан ул мөр үлджээ. Онгийн хийдийн овоон дээрх хавтгай чулуун дээр Цагаан шүхэрт бурханыг сийлж тавьсан байдаг. Эргэн тойрны ууланд тахилгатай овоо тав байдаг бөгөөд тэдгээрийг Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. Хийдийн зүүн захад ходоодны рашаан байдгийг хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж хэрэглэхээр худаг байгуулжээ. 
Эдүгээ туурины гол хэсэгт Зүүн гүдэнгийн дуган хэмээх сүмийг сэргээн байгуулжээ. Сүмд Бурхан багш, Арван хангал, сүмийн эзэн хамба Дамцагдоржийн хөрөг, Насны гурван шүтээн, Говийн Лха, Майдар, Богд Зонхов, Ловон Бадамжунай нарын хөрөг болон баримал дүрүүдийг залсан байдаг. Онгийн хийдийн туурины дэргэд гэр музейг 2001 онд байгуулжээ. 
Эл музейд хамба Данцагдоржийн зохиосон 21 боть “Сүмбум” хэмээх судар, өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагайнамжир хэмээх хувцас хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг уур нүдүүр, хүрэл тогоо тулга, мод цоолдог өрөм, монгол жинлүүр, туухайнууд, тэмээнд тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын чимэглэл гэх мэт зүйлийг дэлгэн үзүүлжээ. 2011 онд Онгийн хийдийн баруун өмнө байрлах хадат ууланд лусын хаан Лүвэнжалбуу бурханы дүрийг баримлаар бүтээлгэн залжээ. 1.3 тонн жинтэй, 2 метр өндөр суугаа дүртэй бурханы баримал бөгөөд нутгийн иргэд Онги гол эргэн урсахыг хүсэж эл дүрийг бүтээлгэн залсан байна.



сэтгэгдэл