Дундговь аймагт
тавтай морил

Ярх уулын дурсгал

  • 2
  • 0
  • 2018-01-16
  • Хэвлэх
  • Жиргэх
  • Хуваалцах
Ярх уулын дурсгал
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт Ярх ууланд байх хуучин чулуун зэвсгийн үеийн суурин юм. Ярх уул нь аймгийн төвөөс зүүн тийш 110 км зайд оршино. Эл гайхамшигт дурсгал нь одоогоос 300 мянга орчим жилийн өмнөх үед хамаарах бөгөөд судлаачид чулуун зэвсгийн дархны газар хэмээн тогтоожээ. Хас чулууны хольцтой шаргал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн олон төрлийн багаж зэвсэгнүүд байжээ. Дотор нь чулуун эдлэл хийхээр зориуд бэлтгэсэн залтаснууд, хөндлөн огтлолтой гурвалжин хэлбэрийн хатуу цуулдас, чулуу цохидог талбайн үлдэц, хусуурын төрлийн олон зүйлс олджээ. Хамгийн сонирхолтой нь гилбэр хэлбэрийн үзүүртэй зэвсгүүд юм. Эдгээр багаж зэвсэг нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд Ази, Европ, Африкт өргөн тархсан чулуун зэвсгийн үеийн зэвсгүүдтэй адил байжээ. Гилбэр зэвсгүүд нь баргилдуу хоёр хажуугийн хавтгай талыг ялтаслан цуулж зассанаас гадна ирэн талыг хоёр талаас нь ээлжлэн цохиж гаргасан байсан нь европын зарим зэвсэгтэй адил ажээ. 1970 оны үед дэлхийн судлаачид чулуун зэвсгийн соёлыг хоёр бүсэд хуваадаг байжээ. Өрнө зүгийн гилбэр хэлбэр гарган хэрэглэдэг соёл, Өмнөд ба Зүүн Өмнөд Азийн мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирлэн хэрэглэдэг соёл хэмээн хуваадаг байжээ. Ярх уулын дурсгал олдсоноор тэдгээр эрдэмтдийн тогтоосон судалгааны үр дүнд өөрчлөлт орж байгаа юм. Гилбэр зэвсэг хэрэглэгчдийн хил хязгаар нэлээд хэмжээгээр тэлэгдэж, сонгодог зэвсэг хэрэглэгчид гэдэг бүлэгт Монгол орон багтах нь гарцаагүй болсон ажээ. Оросын археологич А.П.Окладников “Ярх уулын дурсгал нь хуучин чулуун зэвсгийн “ашел”-ийн үеийн ийм тодорхой шинжийг агуулсан нь Азийн хувьд анхны бөгөөд цорын ганц дурсгал болж байна” хэмээжээ. Ярх уулын дурсгалын бас нэгэн онцлог нь гилбэр ба үзүүр мэсэн зэвсгийг хийж эзэмшиж байсан хүмүүс нь өрнө зүгийн хуучин чулуун зэвсгийн үеийн хүний нэг адил чулууг засаж, хоёр талаас нь янзалж зэвсэг болгон хийдэг өөрийн гэсэн тогтсон арга барилтай байсанд орших юм. Эл Ярх уулын дурсгалаас үүдэн янз бүрийн таамаг гарч ирж байна. Монгол ба Европын гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдал нь тэртээ эрт үеийн хүмүүс гарал үүслийн холбоотой эсэх, эсвэл өөр хоорондоо харилцан нөлөөлцөж байсан, зөвхөн гадаад шинжээрээ ижил боловч тус тусдаа үүссэн соёл байсан гэх мэт асуудлууд гарч иржээ. Ярх уулын хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар нь шинжлэх ухааны хувьд томоохон нээлт болсон юм.


сэтгэгдэл